About bird ringing

Шувуудыг тодорхойлох, зан төрхийг судлах, нүүдэл шилжилт, тархалтыг нь судлах зорилгоор шувууны хөл, далавчны хэсэгт (зарим шувууны хошуунд) хуванцар тэмдэг, металл бөгж, зүүдэг ба энэ нь тухайн шувуу хаанаас хаа хүрч нүүдэллэн шилжиж байгааг мэдэхэд ач холбогдолтой. Мөн зарим шувуунд сансарын болон үүрэн холбооны сүлжээний дохиолол дамжуулагч зүүдэг ба энэ нь тухайн шувууны нүүдлийн зам болон орон зай болон цаг хугацааны шилжилт хөдөлгөөний илүү нарийвчлалтай мэдээлэлийг бидэнд өгдөг. 



Нүүдлийн шувуудын шилжилт хөдөлгөөнийг мэдэх нэг арга бол аливаа нэгэн сонгосон газар нутагт удаан хугацааны хугацаанд шувууны торыг  ашиглан, нүүдлийн үеэр дамжин өнгөрч байгаа шувуудыг барьж бөгжилдөг арга байдаг. Монгол орон шиг өргөн уудам нутагтай улсад жижиг шувуудын (small passerines, song birds гэж нэрлэгддэг) нүүдлийн талаар ингэж олон жилийн турш хийсэн судалгааны ажлууд ихээхэн шаардлагатай байна.

Босоо торны тухай (Mist net)
Шувууг барих бөгжлөх судалгаа хийхэд хамгийн түгээмэл аргуудын нэг бол шувууны босоо торыг ашиглах юм. Босоо торны урт болон өндөрийн хэмжээ янз бүр байдаг. Мөн шувууг барих амжилтыг нэмэгдүүлэхийн тулд тухайн амьдрах орчинд хэд хэдэн тор залган байршуулж болох ба тухайн шувууныхаа биеийн хэмжээтэй тухайн торны нүхний хэмжээг тохируулан сонгодог. Шувууны тор нь маш нарийн үс шиг зөөлөн материалаар хийгддэг ба энэ нь нисэж, эсвэл түргэн хөдөлж байгаа шувуудад үл үзэгдэх байдалтай байна. Иймээс  шувууд нисэх явцдаа торонд биеийнхээ аль нэг хэсгээр орооцолддог.



Ханан торонд орсон шувуу тус бүрийг зүйлийг тодорхойлохдоо гараараа барьж нарийвчлан шалгадаг. Мөн дахин баригдсан шувуудын эрчимийг тооцолохдоо бодгаль бүрийн зүйл, нас, хүйс, бөгж зэргийг тэмдэглэсэн байдлаас харгалзан үзэж тухайн бодгаль тухайн бүс нутагт хэр удаан хугацаагаар саатаж байна вэ? гэдгийг мэдэхэд түлхэц өгдөг. 

Шувууны бөгж, шувуу бөгжлөх тухай
Шувуудыг амьдрах орчиноор нь усны, эргийн, махчин, ойн, ойт хээрийн шувууд гэх мэт ангилдаг ба тухайн зүйл шувуудыг бөгжлөхдөө бөгж нь тухайн шувууны онцлогт таарсан металл болон хуванцар, мөн бөгжний хэмжээ болон хэлбэр, хийц нь хэд хэдэн төрөл байдаг.

Бөгж нь металл, хуванцар, түүн дээр сийлсэн үсэг, тоо, кодоороо улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Улс орон бүрт өөрийн дахин давтагдахгүй өвөрмөц дугаар байдаг. Зарим бөгж дээрх код нь хол зайнаас уншиж болохуйц байх ба бөгж болон таних тэмдэгүүд нь тод өнгийн байдаг. Мөн зарим тохиолдолд тухайн судалгааны онцлогоос хамааран жил бүр харилцан адилгүй өнгийн бөгжийг зүүж болдог.

Шувуу бөгжлөх хэрхэн үүссэн тухай 
Шувуу судлалын ном зохиолд анх шувууг хаана, хэдийд анх бөгжлөж байсан тухай мэдээ баримт цөөнгүй дурдсан байдаг. Анх шинжлэх ухааны танин мэдэхүйн зорилгоор Дани улсын иргэн, дунд сургуулийн багш Ханс Христиан Корнеллус Мартенсен гэдэг хүн 1890 онд хар тодол шувуунд цайран ялтасаар бөгж зүүж байжээ.
Түүнээс өмнө ахуйн хэрэглээний зорилгоор шувуунд бөгж зүүн хэрэглэж байсан тохиолдол нилээн байдаг. Цөөн жишээ дурдахад  МЭ 218 онд Ромын эзэнт улсын үед цэргүүд улс орнуудыг эзлэн авсны дараагаар дайн амжилттай дууссан гэдэг мэдээг Ромын нийслэлд хүргэх зорилгоор хэрээ шувууны хөлд  тусгайлан утас уяж гэрлүү нь буцаан нисгэж байжээ. 
Хожим 1740 онд Фриш гэгч алтан хараацайн хөлд утас уяж намар явуулсан нь хойтон хавар үүрэндээ эсэн мэнд иргэж ирсэн мэдээ бий. 

Мөн 1822 онд Германд хүзүүнд нь Африкийн уугуул омгийнхны хэрэглэдэг жад зоогдсон цагаан өрөвтас шувуу нүүж ирсэн мэдээ байдаг. Эдгээр мэдээ нь XYIII, XIX зуунд хамаарагдаж байгаа юм. Гэтэл Монголын зургаа дахь Их хаан, Хубилайн дэргэд 17 жил алба хашсан Италийн жуулчин Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” (1987) номонд Их хааны болон ноёд язгууртны шувууны хөлд мөнгөн  гархи зүүж түүний дээр шувууны эзний нэр, маллан тавьдаг хүний нэрийг бичсэн байдаг. Энэхүү гархиар шувууг барьж авсан даруйдаа хэнийх болохыг нь мэдэж эзэнд нь хүргэж өгдөг гэжээ. Харин энэ мэдээ нь XIII зуунд хамаарагдах ба хэдийгээр зорилго нь өөр боловч дэлхий дахинд шувуу бөгжилсөн анхны туршилга байжээ. Үүнийг судлаач А.Болд, Х.Мөнхбаяр нар шувуу бөгжлөх арга Монголд үүсчээ хэмээн тэмдэглэн бичсэн байдаг.